Техник, эдийн засгийн үндэслэл - ТЭЗҮ
Уул уурхайн шинэ төсөл хэрэгжүүлэхэд тодорхой судалгаа зайлшгүй шаардлагатай. Энэхүү судалгааг Feasibility Study (FS) буюу үгчилж орчуулбал Хэрэгжих боломжийн судалгаа гэнэ. Тухайн төслийг хэрэгжүүлэхэд 5 үндсэн боломжийг заавал судалдаг. Үүнд:
1. Техник-технологийн хувьд хэрэгжих боломж
2. Эдийн засгийн хувьд хэрэгжих боломж
3. Хууль эрх зүйн хувьд хэрэгжих боломж
4. Үйл ажиллагааны хувьд хэрэгжих боломж
5. Цаг хугацааны хувьд хэрэгжих боломж
Дээр нь нэмээд зах зээлийн боломжийн судалгаа, баялаг/нөөцийн боломжийн судалгааг мөн гүйцэтгэдэг. Уг судалгааны тайланг ТЭЗҮ-ийн тайлан гэх ба энэ нь тухайн төсөл ашигтай юу, эсвэл ашиггүй юу гэдгийг л хэлж өгдөг баримт бичиг юм.
Уул уурхайн төслийн ТЭЗҮ-ийг 3 шатад хуваан авч үздэг.
Дээрх судалгааны явцад төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ, зардлыг тодорхой нарийвчлалтайгаар үнэлдэг. Тухайлбал тойм судалгааны хувьд 40-50%, урьдчилсан ТЭЗҮ-ийн шатанд 20-30%, харин эцсийн ТЭЗҮ-ийн шатанд 10-15%-ийн нарийвчлалтайгаар тооцдог.
Төслийн ТЭЗҮ буюу судалгааны тайлан нь төсөл хэрэгжүүлэгчид уг төсөл хэрэгжих боломжтой эсэхийг хэлж өгөхөөс гадна төслийг цаашид нарийвчлан судлах, төслийн санхүүжилтийг шийдэх гол бичиг баримт болно.
Ялангуяа төсөл хэрэгжүүлэгч нь банкны зээлээр төслөө санхүүжүүлэх тохиолдолд зайлшгүй банкны ТЭЗҮ гүйцэтгүүлэх (өөрөө биш хөндлөнгийн инженерингийн байгууллагаар) шаардлагатай. Харин төсөл хэрэгжүүлэгч өөрөө санхүүжүүлэх бол тодорхой эрсдлээ хүлээгээд урьдчилсан ТЭЗҮ-ийн үр дүнгээр шийдвэр гаргах ч практик буй.
Тухайн ордыг аж ахуйн эргэлтэд оруулах эсэх асуудлыг шийдэхдээ дээрх судалгаануудыг шат дараатай гүйцэтгэж шийдвэр гаргах ба судалгааг гүйцэтгэх хугацаа харилцан адилгүй.
Тойм судалгаа - 7-9 сар
Урьдчилсан ТЭЗҮ - 9-13 сар
Эцсийн ТЭЗҮ - 13-17 сар тус тус шаарддаг. Судалгааны шат тус бүр өөр өөр үнэлгээтэй.
Эх сурвалж: Г.Даваацэрэн "Уулын үйлдвэрийн техник-эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) гэж юу вэ?" http://gedavaa.blogspot.com/2010/08/blog-post_23.html
ТЭЗҮ ГЭЖ ЮУ ВЭ? | |
Эрдэс баялаг, уул уурхайн салбар – Дорнод аймаг Facebook |