ХАЙГУУЛЫН АЖИЛ ГЭЖ ЮУ ВЭ?

2018/11/11
ХАЙГУУЛЫН АЖИЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Хайгуулын ажил ашигт малтмалын ордын мэдээлэл, түүний эдийн засгийн үр өгөөжийг улам тодруулж, нарийвчилахад чиглэсэн хэд хэдэн үе шатын дагуу явагддаг. Хайгуулын ажил нь геологи, геохими, геофизик, зайнаас тандан судлахуй зэрэг олон салбар шинжлэх ухааны судалгааны үр дүнд хийгдэнэ.

Ашигт малтмалын хайгуулын ажлын гол зорилго нь ашигт малтмалын орд илрүүлэх явдал юм. Түүнчлэн одоогийн ашиглаж буй орд болон орхигдсон орд газрын үргэлжлэл, нэмэлт ордыг илрүүлэх зорилго байж болно. Өөрөөр хэлбэл хайгуулын үйл ажиллагааг дараах 2 төрөлд хувааж үзэж болно. Үүнд

• “Ногоон талбайн” буюу алслагдсан, шинэ талбайд хайгуул хийх
• “Хүрэн талбайн” буюу уурхайн талбайн ойролцоо хайгуул хийх

Ногоон талбайн хайгуулыг эхлэлийн ба ахисан түвшний хайгуулын төсөл гэж 2 ангилдаг.

Геологийн судалгаа нь хайгуулын ажлын суурь юм. Геологийн судалгааг нарийвчилсан хайгуул хийж болох харьцангуй бага хэмжээний талбайг тодорхойлоход ашигладаг. Дэлхийн ихэнх улсууд засгийн газрын харьяа үндэсний геологийн байгууллагатай байдаг бөгөөд гол төлөв 1:50,000 ба 1:100,000 харьцаатай геологийн зураглал хийсэн байдаг. Монгол улсын хувьд 1:200 000 харьцаатай геологийн ерөнхий зураглалыг нийт нутаг дэвсгэрт хийсэн, Харин 1:50 000 харьцаатай хийгдсэн геологийн нарийвчилсан зураглал нь нийт нутаг дэвсгэрийн 30 орчим хувийг хамарч байна. Геологийн газрын зураг нь зөвхөн уул уурхайн зориулалттай биш юм. Харин түүнийг гүний усны хайгуул, дэд бүтцийн төслүүд, хөдөө аж ахуйн зориулалттай хөрсний судалгаа зэрэг маш олон талын зүйлд ашигладаг.

Юуны өмнө өргөн нутаг дэвсгэрийг хамарсан геологийн судалгаа хийгдэж, эрдэсжилтийн зураглал хийж, магадлал өндөртэй талбайнуудыг тогтоодог. Үүнд соронзон долгионы тусламжтайгаар томоохон газрыг хамруулсан геофизик тандалт судалгааг түлхүү ашиглаж байна. Хайгуул хийх талбайгаа тодорхойлсны дараа газар хөдлөлтийн судалгаа, хөрснөөс дээж авах, өрөмдлөг хийх зэрэг арга ашиглан хээрийн нарийвчилсан судалгааг хийнэ. Хайгуулын аргаас хамааран өнгөн хөрс хуулах, эсхүл тухайн талбайд хөдөө аж ахуйн ашиглалтыг зогсоох зэрэг арга хэмжээ авах болдог. Гэхдээ, талбайг сайтар төлөвлөснөөр үр нөлөөг багасгаж болно.

Хайгуулын ажил нь эрсдэл ихтэй. Жишээ нь зарим статистик мэдээллээс үзэхэд дунджаар 5000 болон 10 000 эхлэлийн хайгуулын ажлын нэг нь л амжилт олж, олборлолтын шатанд хүрсэн байдаг. Өөр нэгэн жишээ бол өрөмдлөгийн дүнд орд илрүүлэх магадлал юм. Өрөмдлөг нь маш өндөр өртөгтэй, ашигт малтмалын орд, хүдрийн нөөцийг тогтоох хамгийн найдвартай арга юм. Орчин үеийн техникийн дэвшилтийг ашиглан өндөр ур чадвар гарган хийсэн хэдий ч өрөмдлөг бүр нь амжилтад хүрнэ гэж байхгүй. Зарим тооцооллоос үзэхэд өрөмдлөгийн амжилттай байх буюу өндөр орцтой хүдрийн биет илрүүлэх магадлал 1 хуваас хэтэрдэггүй байна.

(Хайгуулын ажил, түүнд тулгардаг эрсдэлийн талаар эндээс уншина уу, Д.Гарамжав. Дурсамж -1. УБ 2014, С.Санждорж. Оюу Толгой төслийн хайгуулын ажлын тухай эргэн дурсахуй. УБ 2011, Д.Гарамжав. Ашигт малтмалын ордуудын эрлийн шалгуур шинж тэмдэг. УБ 2009)

Геологийн судалгаа, хайгуулын ажлын дараа уул уурхайн компаниуд техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах судалгаа хийдэг. Ингэхдээ гол төлөв геологийн мэдээллийг эдийн засгийн мэдээлэлтэй хослуулан дүн шинжилгээ хийдэг. Уул уурхайн компаниуд зах зээлийн төлөв, хэлбэлзэлд анхаардаг. Эрэлт одоо хэр их байна вэ, ирээдүйд ямар болох вэ гм. Компаниуд мөн улс төр-нийгмийн эрсдэлийг тооцно. Үүнд: орд газрын байршил, улс төрийн тогтвортой тогтвортой байдал, хангалттай ажиллах хүч байгаа эсэх. Эдгээр өгөгдлүүдийг сайн тооцсоны үндсэн дээр төлөвлөлтийн шатандаа ордог.

(Уул уурхайн төслийг хөгжүүлэхэд тулгардаг санхүүгийн эрсдэлийн талаар эндээс уншина уу, Жадамбын Жамул. Уул уурхайг санхүүжүүлэх үндсэн зарчим. УБ: 2012)

Сэтгэгдэл бичих:

Нэмэх