“Хариуцлагатай уул, уурхай-Хамтын ажиллагаа-2018” зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдлаа

2018/04/11
“Хариуцлагатай уул, уурхай-Хамтын ажиллагаа-2018” зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдлаа

Дорнод аймгийн уул уурхайн салбарын үндсэн асуудлууд, цаашид авах арга хэмжээг тодорхойлох зорилгоор  уул уурхайн салбарын “Хариуцлагатай уул, уурхай-Хамтын ажиллагаа-2018” зөвлөгөөн 2018 оны 04 дугаар сарын 11-ны өдөр Чойбалсан хотод зохион байгуулагдлаа.

Зөвлөгөөнд Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Л.Хишигтогтох, Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, аймгийн ИТХурлын төлөөлөгчид, Сумдын Засаг дарга, иргэдийн төлөөлөл, Төрийн бус байгууллага, холбогдох агентлагууд болон Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 орчим аж ахуйн нэгж, байгууллагууд оролцлоо. Зөвлөгөөнийг Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн уул уурхайн салбарт барьж буй бодлого шийдвэрийг танилцуулсан юм.

Зөвлөгөөн Уул уурхайн салбарын хууль, тогтоомж, бодлого шийдвэрийн хэрэгжилтийг байгаль орчинд ээлтэй, иргэдэд өгөөжтэй, орон нутаг, хүний хөгжлийг дэмжсэн хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, орон нутаг аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийн төслийг мэргэжлийн байгууллагуудаар хэлэлцүүлэх, санал авах зорилгоор явагдсан юм.

Зөвлөгөөнд уул уурхай болон байгаль орчны салбарын өөр хоорондын уялдаа холбоог хангах Уул уурхайн компаниудын орон нутагтай амжилттай хамтран ажиллаж буй зарим аймгийн туршлага, Уул уурхайн салбарт гарч буй зөрчил, тэдгээрийг бууруулах арга зам, Татварын тухай хуулийн хэрэгжилт, Уул уурхайн салбараас орон нутгийн төсөвт төвлөрүүлж буй орлого зэрэг илтгэл, мэдээлэл зөвлөгөөний үеэр тавигдлаа.

Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн хэлсэн үгэндээ “Бид Дорнод аймгийн ард иргэдийг ажилтай орлоготой болгохын төлөө ажиллана, уул уурхайн салбарын бодлогыг тогтвортой, ил тод, хүртээмжтэй, үр өгөөжийг иргэд, олон нийт, орон нутгийн хөгжилд үр ашигтай байлгахад голлон анхаарах ёстой” гэлээ. Зөвлөгөөний үеэр Политекникийн коллежид Дорнод аймгийн Засаг даргын “Орон нутгийн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээг дэмжих тухай” албан даалгаврыг хэрэгжүүлэх хүрээнд уул уурхайн салбарын аж ахуй, нэгж байгууллагууд 2018 оны худалдан авах ажиллагааг орон нутгийн иргэд, бизнес эрхлэгчдэд танилцуулах “Нээлттэй өдөрлөг” зохион байгуулагдсан юм.

Зөвлөгөөний төгсгөлд Дорнод аймгаас Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийн төслийг танилцуулж, зөвлөгөөнд оролцогчдын 100 хувийн саналаар дэмжин, ирэх оны 03 дугаар сард энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж хэрэгжилтийг тайлагнан ажиллахаар боллоо.

Зөвлөгөөнийг зохион байгуулснаар Дорнод аймгаас уул уурхайн чиглэлээр барьж буй бодлого шийдвэрийг аж ахуйн нэгж байгууллагуудад танилцуулаад зогсохгүй тэдэнтэй хамтран ажиллах уялдаа холбоог сайжруулах, орон нутгийн бодлого шийдвэрийг танилцуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

 

“Хариуцлагатай уул, уурхай-Хамтын ажиллагаа-2018” зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдлаа  
Эрдэс баялаг, уул уурхайн салбар – Дорнод аймаг Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх