"Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын бодлого, хууль тогтоомж, хэрэгжилт" Зүүн бүсийн сургалт хэлэлцүүлэг Дорнод аймагт болж байна

2020/02/05
"Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын бодлого, хууль тогтоомж, хэрэгжилт" Зүүн бүсийн сургалт хэлэлцүүлэг Дорнод аймагт болж байна

Уул уурхайн хүнд үйлдвэрийн яам, Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, Канадын MERIT төсөл хамтран "Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын бодлого, хууль тогтоомж, хэрэгжилт" сургалт, хэлэлцүүлгийг 2019 оны 09 дүгээр сарын 19,20-ны өдрүүдэд Чойбалсан хотноо зохион байгуулагдах юм.
Энэхүү сургалт, хэлэлцүүлэг нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын бодлого, хууль тогтоомжийн талаар орон нутгийн төрийн албан хаагчдад сургалт зохион байгуулах, орон нутагт тулгарч буй асуудал, тэдгээрийг цаашид хэрхэн шийдвэрлэх, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд ил тод байдлыг хангах, түүний үр нөлөөг дээшлүүлэх зорилготой.
Нээлтэд Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав, MERIT төслийн дэд захирал Алтангэрэл нар мэндчилгээ дэвшүүлж энэхүү сургалт хэлэлцүүлгийг нээсэн юм.
Сургалтад Дорноговь, Дундговь, Төв, Хэнтий, аймгуудын Байгаль орчин, аялал жуулчлалын газар, аймгуудын Мэргэжлийн хяналтын газар, Орон нутгийн олборлох үйлдвэрлэлийн компаниуд Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид Иргэний нийгмийн төлөөллүүд 200 гаруй хүн оролцож байна. Маргааш уул уурхайн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг Тусгаар тогтнолын талбайд 9-16 цагийн хооронд зохион байгуулагдана.

Image may contain: 13 people, crowd and indoorImage may contain: 13 people, crowd and indoor

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн уул уурхай олборлох үйлдвэрлэлийн талаар цаашид авч хэрэгжүүлэх шаардлага бүхий 8 саналыг хуралдааны үеэр дэвшүүлсэн юм.
1. Уул уурхай, газрын тосны олборлолт ашиглалт явуулж болох болохгүй, шаардлагатай шаардлагагүй газар орон, бүс нутаг, аймаг, сум, багийг тодорхой болгон зааг, хил тогтоож өгье. Бидний урд хөрш гэхэд ихэнхи уурхайг жижгээс нь эхлээд хааж байна шүү дээ.
2. Хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохоос өмнө тухайн орон нутгийн байгаль орчны нөхцөл байдлыг сайтар судалж дүгнэлт гарган, ард иргэдийн саналыг заавал авдаг байя. Байгаль орчинд хамгийн ихээр сөрөг нөлөө үзүүлдэг, хамгийн их асуудал дагуулдаг эдийн засгийн том салбар болох уул уурхайн салбар аймаг орон нутагт хариуцсан нэгж, алба байхгүй байгааг нэн даруй өөрчилж, аймаг орон нутагт агентлаг байгуулах.
3. Тусгай зөвшөөрөл гэх сайхнаар хэлбэл үнэт цаас саараар хэлбэл А4-ийн хатуу цаасыг олгоод л орхих бус Монгол улсын хууль тогтоомж, норм дүрэм, стандартыг ягштал мэдүүлж мөрдүүлэн, уурхайн мөчлөг бүрийг ойлгуулж тайлбарлах шаардлагатай байна. Зайлшгүй сургалтад сууж, сертификат авсных нь дараа лицензээ олгодог ч байх хэрэгтэй болж байна. Зөвхөн лиценз гэсэн тэр л эрхийн бичгийг авснаараа бүх зүйл шийдэгдэж байгаа биш шүү дээ, үүний дараа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэн батлуулах, байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулах, уулын ажлын төлөвлөгөө батлуулах, ус ашиглах, газар ашиглах гэрээ байгуулах, нутгийн захиргааны байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулах, бүтээгдэхүүн тээвэрлэх автозам барих, барилгын ажлын зөвшөөрөл авах гээд шат дараалсан олон ажил байдаг. Үүрэн телефоны компаниудад борлуулалтын дараахь үйлчилгээ гэж байдагтай адил, Банкууд олгосон зээлээ сар бүр тогтмол хянадагтай адилаар манай төр засаг ажиллах учиртай. Ихэнх лиценз эзэмшигч нар амар хялбар аргаар, түргэн түүхий эхлүүлж, аль болох хямд зардлаар их ашгийг хурдан хугацаанд олохыг завдаж байгаа нь нууц биш шүү дээ.

4. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хуульд заасан хугацаанд зайлшгүй батлах, шаардлага хангаагүй тохиолдолд тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үйл ажиллагааг эхлүүлэхгүй гэдгийг мэдэгдэж, хариуцлага тооцох, шаардлагатай бол тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэлх арга хэмжээг авч байх.
5. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг нийгэм, эдийн засгийн үнэлгээтэй хамт хийж байгальд сөрөг нөлөөгүй, ард иргэд, нутаг оронд өгөөжтэй гэж дүгнэсэн тохиолдолд л уул уурхайн олборлолтыг эхлүүлэхийг зөвшөөрөх хэрэгтэй.
6. Ажиллахаар болсон тохиолдолд боловсон хүчнийг Монгол иргэд, тухайн бүс нутаг, аймаг, сумаас нээлттэй ил тод сонгон шалгаруулж авах. Цалин хөлс, амьдрах орчин нөхцөлийг стандартад бүрэн нийцүүлэх. Тухайн олборлогч компанийн нийт зардлын ихэнхийг ажилтан, ажиллагсдын цалинд зарцуулах зэрэг шаардлага, эрх зүйн актуудыг батлах, мөрдүүлэх. Зарим гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд Монгол ажилтны квот бага байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна. Миний санаж байгаагаар социалист нийгмийн үед уул уурхай, үйлдвэрлэлийн салбаруудад Зөвлөлтийн цөөн тооны мэргэжилтэн зөвлөх л байдагсан.
7. Туслан гүйцэтгэх ажлыг зайлшгүй ил тод нээлттэй зарлан шалгаруулж хэвших.
8. Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хууль, Төсвийн тухай хуулиудад яаралтай өөрчлөлт оруулж, рояалти буюу байгалийн нөөц ашигласны төлбөрийн 30-аас доошгүй хувийг тухайн ашиглалт явагдаж буй аймаг, суманд хуваарилах ёстой. Энэ бол шударга ёс юм. Монгол улс хэдий нэгдмэл улс бөгөөд нэгдсэн төсөвтэй хэдий ч газрын хэвлий доорхи байгалийн баялагийг нь хэдэн зуун автомашин, вагоноор тухайн нутагт хэчнээн үеэрээ амьдран суусан иргэдийн нүдэн дээр нь өдөр бүр зөөсөөр байхад сум орных нь хөгжил өөдлөх битгий хэл улам бүр уруудсаар байгаад бухимдсан ард иргэдийн хүчтэй эсэргүүцлийг хэн ч буруутгаж чадахгүй.

"Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын бодлого, хууль тогтоомж, хэрэгжилт" Зүүн бүсийн сургалт хэлэлцүүлэг Дорнод аймагт болж байна  
Эрдэс баялаг, уул уурхайн салбар – Дорнод аймаг Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх